Хуучин блог дээр тавигдсан 2010 оны 12 сарын 20-ны нийтлэл
Posted by Сэтгүүлчийн 4Б анги in on 8:48 AM
Сайн байцгаана уу? Хайрт ангийхан минь... Ганбаа нь өргөө гэрээсээ та нарыгаа санан, дурсан мэндчилж байна. Тун удахгүй бид улиран одож буй 2010 оноо үдэж, хором хормоор айсуй шинэ оноо өлгийдөн авах торгон мөчтэй золгох гэж байгаа билээ.
Харин энэ баяраар хэзээний гал цогтой, баяртай зугаатай зүйл болгоныг хошуучилж явдаг ангийн дарга маань /Б.Мөнхцэцэг/ аль хэдийнээ анги хамт олноороо уулзалдаж баярлах өдрийг товлочихсон догдолж байна лээ. Миний бие ч мөн ялгаагүй... Үүнийг сонссон ангийн цоглог охид та нар минь ч дутахааргүй догдолж, хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ одоо бид оюутан биш, хүүхэд бүр ч биш... Харин нуруун дээрээ чамгүй ачаа үүрээд зорилгынхоо төлөө зүтгэж буй зав муутай залуу хүмүүс болсон. Тийм болохоор ангийн уулзалт, ажил хоёрт сэтгэл хоёрдоод яахаа мэдэхгүй эргэлзэж байж магадгүй ээ. Ойлгож байна... Тэгэхдээ нэг зүйлийг санах хэрэгтэй. Бид нэг хамт олон... Хичнээн их ажилд дарагдсан ч, хичнээн ч их зүйлд санаа зовсон сэтгэлийн мухарт "Ангийн маань тэр юу хийж байгаа бол? Тэрний хүүхэд нь зөндөө том болсон байх даа? Оюутан байхад гоё байжээ" гэх хамт олноо санасан, дурссан бодол ямагт байж л байдаг шүү дээ. Би юу хэлэх гэх гээд байна вэ? гэхээр... Бид тэртэй тэргүй сунаж үхтэлээ ажиллана, их ч зүйлийг хийнэ. Харин тэр үед амрах, уулзалдах зав огтхон ч байхгүй болсон байх вий. Тиймдээ ч би уулзалтаа мартъя, дурсая гэж нэрлэсэн юм. Товчхондоо ангийнхаа уулзалтанд бүгд ирээрэй. Энэ бичлэгийг уншиж буй хөндлөнгийн хэн нэгэн "Энэ Ганбаа гээд нэг баагий очих дүргүй байгаа ангийхнийгаа тэр нэг уулзалтандаа ирүүлэх гэж зовж байнаа" гэж бодож байж болох юм. Гэхдээ энэ тийм биш юм. Хаа байсан Төв аймгийн ийгэл саарал /буруу бичсэн байж магадгүй/ маань, цочсон янзага мэт нүд юугаа гайхуулсан Оюука, ээжийн дэндсэн гэмээр хүмүүжилтэй охин Ч.Энхцэцэг гээд ангийн ихэнх охид маань ирнэ гэдгээ дуулгасан. Болдогсон бол наргиж сурсан Мөнхбаярыгаа цэргээс нь оргуулаад, эрх танхил Мөнгөөгөө японоос авчраад уулзалдацгаах юмсан. Ямар ч байсан уулзалдах тэр өдөр би ангийнхаа бүх найзуудтай яриад сууж байнаа гэдэгт итгэлтэй байна. Харин хэзээ уулзалдахыг ангийн даргаасаа мэдээрэй.
Энэ удаад ингээд дуусгая. Түр баяртай...
Шинэ мэдээ
Одоогоор шинэ мэдээ байхгүй байна.
Блогийн тухай
Энэ блог нь Радио Телевизийн дээд сургуулийг 2010 онд Д.Одсүрэн багштайгаар төгссөн сэтгүүлчийн 4Б ангийн хамт олны өмч болно.