Хуучин блог дээр тавигдсан 2010 оны 10 сарын 30-ны нийтлэл
Posted by Сэтгүүлчийн 4Б анги in on 8:45 AM
Сайн байцгаана уу? Ангийн найзууд минь.../Найз гэдэгт ангийн багш асан эрхэм Одсүрэн чи ч бас орно шүү./ Бас л Ганбаа нь та нартайгаа блогоороо уулзаж байна.
Ганбаа гэж нэг хийх ажилгүй, компьютерийн араас ховхордоггүй амьтан гэж та нар намайг бүү бодоорой. Та нартайгаа л бодсон санасанаа хуваалцах гэж тэр шүү дээ... Өнөөдөр би та нарт нохойтой болсон сониноосоо дуулгах гэж энэхүү бичлэгийг сараачиж сууна.
За байз одоогоос яг сарын өмнө гэж санаж байна, хорооллын нохойны дэлгүүрээс энэ дэлдийсэн бяцхан амьтныг авсан юм. Зүгээр ч нэг авчихаагүй, наана нь эцэг эхийн хүчтэй эсэргүүцэл, ятгалга, дарамт шахалтыг давж, дарж, зөөлрүүлэн байж бараг хүчээр шахуу авсан юм. Ээж, аав нар л болсон хойно шээс, бааснаас халширч эсэргүйцсэн биз. Ямар ч байсан Ганбаа дийлж дэлгүүрийн хөөрхөн гөлгийг өөрийн болгосон доо.
Миний нохой немц овчарк үүлдэрийнх. Англиар German shepherd. Анх энэ үүлдэрийн нохой хонь хариулдаг амьтан байж. Мэдээж одоогийн бидний мэдэх яг энэ төрхөөрөө биш л дээ. 1920-иод оны сүүл 30-аад оны эхээр Немц овчарк өнөөгийн дүр төрхөө олж эхэлсэн гэж уншсан юм байна. Энэ үүлдэрийн нохойг цэрэг, цагдаа, хамгаалалтын албанд илүү их ашигладаг гэсэн. Хил, гааль, нисэх онгоцны буудал гэх мэт онцгой газруудад энэ нохойны мэдрэх, үнэрлэх чадварыг гүйцэх тоног төхөөрөмж байдаггүй юм биш үү. Дээр нь эзнийхээ заасан юмыг сурахдаа хурдан, дуулгавартай, энэ тал дээрээ элэнц, хуланц, өвөө, эмээгээсээ л авъяастай юм гэнэ лээ. Манайд анх ирчихээд гэрт бие засахыг ч жинхэнэ үзүүлж өгдөг байсан даа. Нэг харахад л шээж байна. Алчуураа бариад өнөө шээсийг нь цэвэрлэж байтал дахиад л шээчихнэ. Дахиад л арчина... Тэгээд гэртээ жоохон дасгаж байгаад "бүтээсэн бурхан" "урсгасан голыг" нь үнэртүүлж харуулж байгаад зоддог болов оо. Хамар дээр нь няслаад л, эрүү рүү нь алгадаад л, яаж байгаа юм бэ айн чи гэж нтр загнаад л... Тэгсээр тэгсээр сүүлдээ надаас айгаад тагтан дээр өнөө "бүтээл"-үүдээ бүтээдэг болсон. Заримдаа шээсээ савируулаад л тагт руу гүйнэ шүү дээ. Өрөвдмөөр ч юм шиг... Жоохон амьтан шээсээ барьж чаддаггүй юм шиг байгаа юм. Тэгээд л бага багаар юм зааж өгч байгаа даа. Ер нь гэртээ ямар нэг амьтан тэжээхээр гэрт шал өөр уур амьсгал бий болдог юм шиг санагддаг. Жишээ нь манайхан оройдоо тв үзэж байгаад л унтацгаадаг байсан бол нохойтой болсноос тэр амьтны тоглохыг харж инээлдэнэ, хоол унднаасаа хуваалцана гээд л гэрт эерэг, зөөлөн байдал аяндаа л бий болсон.
За энэ удаагийнхаа бичлэгийг үүгээр дуусгая. Дараа уулзатлаа түр баяртай найзуудаа.
Шинэ мэдээ
Одоогоор шинэ мэдээ байхгүй байна.
Блогийн тухай
Энэ блог нь Радио Телевизийн дээд сургуулийг 2010 онд Д.Одсүрэн багштайгаар төгссөн сэтгүүлчийн 4Б ангийн хамт олны өмч болно.