Хуучин блог дээр тавигдсан 2010 оны 6 сарын 17-ны нийтлэл

Миний хайртай хүүхдүүдээ! Та нар ажлынхаа эрэлд гарсан бол багш нь нэг зөвлөгөө өгье. Хэрэг болж ч магадгүй, болохгүй байж ч магадгүй. Гэхдээ хэнд ч илүүдэхгүй байх гэсэн үүднээс хэдэн үг хэлье. Болгоогтун.
Та нар бодвол ганц нэг газраар орж ажил асууж, анкет бөглөж л яваа байх, хөөрхийс. Хар халуунд хөлсөө урсгаад л... ккк Тэгсэн чинь очсон газар чинь CV–ГЭЭ ХАВСАРГАНА УУ гэж шаардаж байна уу. Тэгвэл СV гэдэг нь латин хэлний curriculum vitae (CV) буюу таны амидралын замнал гэсэн шүү утгатай үгийн товчлол бөгөөд монголоор хувь хүний товч намтар гэж орчуулж болох юм. Энэ бол хүний боловсрол, мэргэжил, амьдралын хураангуй толь юм. CV-г бичихдээ аливаа бичиг баримтад тавигддаг энгийн байх, тодорхой байх, товч байх үндсэн гурван зарчмыг баримтлана. Аливаа CV үндсэн долоон хэсэгтэй.
Үүнд: 1 Хувийн мэдээлэл: овог нэр, төрсөн он, сар, өдөр, үндэс угсаа, гарал үүсэл, хаяг, и-мэйл, утасны дугаарууд гэх мэт. 2 Боловсрол: Таны сурсан бага, дунд, их сургууль, коллеж, курс, он жил, мэргэжил, мэргэшил, ур чадвар, эрдмийн зэрэг, цол, шагнал. 3 Ажлын түүх: ажиллаж байсан газрын нэрс, хаяг, дарга даамлын нэр, хийж байсан ажил төрлийн үүрэг, хариуцлага, ажилд гаргасан элдэв амжилт, онцлог, алдар гавъяа. 4 Бусад чадварууд: Таны авъяас чадвар, онцлог 5 Сонирхол: Таны хобби, спортын төрөл гэх мэт. 6 Нэмэлт мэдээлэл: бусад авияас чадвар, шагнал урамшил, алдар гавъяа, өргөдөл гаргаж буй ажилтай холбоотой нэмэлт зүйлс. 7 Тодорхойлолт: Таныг хувь хүний төдийгүй алба ажлын хувьд маш сайн мэддэг ямар ч үед “цээжээрээ” хамгаалж чадах хоёроос гурван хүний овог, нэр, хаяг, утас й-мэйл гэх мэт.  
Бүгдэд чинь амжилт хүсье. Бүгдээрээ хүссэн ажилдаа ороорой.