Хуучин блог дээр тавигдсан 2010 оны 6 сарын 12-ны нийтлэл "Бидний намар"

Сонин дээр гарч байсан зөвхөн бидний дурсамжаас...

Бидний намар...

2006 оны ес дүгээр сарын нэгэн... Сурагч ахуй насаа зүрхэндээ тээж, ирээдүйн зорилго, амьдралын зорилтоо цүнхэндээ нандигнан хийгээд Радио Телевизийн дээд сургуулийн эрдэмтэн багш нартаа өлгийдүүлж байсан гэгээн өдөр. Намрын тэр өдөр миний хувьд хэзээ ч мартагддаггүй. Хоёр давхрын цонхны хажууд ногоон өнгийн түрийтэй гутлан дээр донж маягийг нь тааруулан өмссөн гоёмсог цув, урт үс, шаравтар царайтай, их зантай болов уу гэмээр нэгэн охинтой анх удаа тааралдаж үг сольж билээ. Нэг анги болохоо мэдэх тэр агшинд ангийнхаа бүх хүүхдүүдийг “энэ охин шиг дугарч цөхсөн, их зантай бол яана даа” гэж бодож амжсансан. Гэвч дуугарч цөхсөн, их зантай өнөөх охин маань манай ангийн хамгийн гэнэн томоогүй, цагаан цайлган, ёстой л хүүхдээрээ гэж хэлж болмоор Ийрэл Саарал буюу Хорлоо байсан. Хорлоо тэр өдөр шинэхэн оюутны жишгээр төөрч будилж яваад ангиасаа хамгийн түрүүнд нүүр учирч байсан найз минь. Ийрэл саарал нэрнийх нь тухайд нэгдүгээр курст Оюунчимэг багшийн “Ярианы ур чадвар” хичээлээс олж авсан хэрэг.

Бид хоёр сэтгүүлчийн 1Б ангийг хайж явсаар хоёр давхарын 2-ын 6-р өрөөний хаалгыг татлаа. Анги дүүрэн хүүхэд. Ороод очвол цаад талаасаа хамгийн урд ширээнд суусан нүүр дүүрэн инээмсэглэсэн сэргэлэн байрын охин “манай ангид шинэ хүүхдүүд ирлээ, бүгдээрээ ингэе, тэгэе” гэж байсан нь одоо 4Б ангийн тав дахь ээж болох гэж байгаа Заяа байсан юм. Заяа гэлтгүй манай ангийнхан бүгдээрээ л анх харахад их нүүрэмгий, сэргэлэн хүүхдүүд байсан. Охидууд нь үнэхээр бусдыг харцыг булаамаар царайлаг, бас их хэрсүү, хөөрхөн ааштай гээд магтах зүйл дэндүү олонтой. Хөвгүүдийн хувьд орж ирсэн өдрөө л “чандмань эрдэнэ” нэрийг олсон. Ёстой эрдэнэ шиг гурван хөвгүүн. Ганбаатар, Бат-Эрдэнэ, Лхагвадорж гээд нэрнээсээ эхлээд тэс ондоо ааш араншин, авьяас сонирхолтой, хэзээ ч давтагдашгүй, энэ л гурвынхаа ачаар манайхан оюутны саруул танхимд анги шиг анги байж чадсан гэж би боддог. Ялангуяа дөрвөн жил нэг л зангаараа ангийнхаа хэдэн охидод хангай шиг түшигтэй байж, бусдын харцнаас хайрлан хамгаалж ирсэн Ганбаагүйгээр энэ ангийг төсөөлөхөд хэцүү. Бүдүүн баргил хоолойгоороо охидын сэтгэлийг уургалж чаддаг түүнийг байхгүй бол анги хамт олны ажил ч урагшлана гэж үгүй. Ганбаа маань ид шидтэй гэмээр авьяастай хүүхэд. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гурав нь хоёр, хоёр нь нэг болж үлдсээр одоо бол уул шиг нөмөртэй хоёр хөвгүүнтэйгээ дөрөв дэх намраа үдэж байна.



Бид нэгдүгээр ангид орсон жилээ сургуулийн урлагийн үзлэгээр Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойтой холбогдуулан Чингисийн есөн өрлөгтэй өнчин хөвгүүний цэцэлсэн шастираар жүжигчилсэн тоглолт хийж, Чингис хааныг хүртэл оюутан театрт оруулаад амжсан юмдаг. Түүнээс хойш “Оюутны нас” анхны телевизийн нэвтрүүлэг, “Алтан дагина”, Орос хэлний баяр, Танилцах үдэшлэг, хоёрдугаар курсын урлагийн үзлэг, “Анхны бүтээл”, “Алтан үзэг” гээд л сургуулиас зохиосон бүхий л баяр ёслол, уралдаан тэмцээн, тэмдэглэлт өдрүүдээр бид гурван жил атгасан гар шиг хамтдаа зүтгэсэн. Магтаал, шүүмжлэлийн алинд ч уйлж, дуулж, уурлаж, инээж гурван хаврыг ардаа орхисон юм. Харин одоо гадаа намар болдогоороо болж, байгаль дэлхий өнгөө хувиргажээ. Навчис алгуурхан хийсэж миний өмнө мэхийн ёслоход дөрвөн намрын өмнөх тэр л өдөр саяхан мэт санагдана.

Гэвч яагаад ч юм сэтгэл гэгэлзээд байх юм. Оюутны ширээнд тохой залган суух энэ л намар дахин тохиохгүй гэж бодоод ч тэр үү хөгжөөнтэй, дурсамжтай дөрвөн намраа одооноос эхлээд үгүйлээд байх шиг. Мөн энэ бүх хугацаанд зааж сургаж, зэмлэж зоригжуулж байсан эрдэмтэн багш нараа, тэр дундаа ямар ч үед багш шиг багш, заримдаа ээж, эгч, найз шиг минь байж чаддаг Одсүрэн багшаа, алт шиг сургаалаа харамгүй хайрласан аав, ээжээс минь өөрцгүй Шийрэв, Амбалаа багш нараа, дөрвөн жил биднийг нэг хамт олон болгож хэнээс ч гарамгүй хурц ухаанаараа удирдан чиглүүлж байсан ангийн даргаа, оюутны олон найз нарыгаа санаад ч байх шиг.

Тийм болохоор энэ жилийн намар өнгөрсөн гурван намрыг бодвол гунигтай байна. Гэхдээ амьдралын их далайд зангуугаа хаях гэж байгаа найз нарыгаа бас өөрийгөө харахад бидний ирээдүй үнэхээр гэгээлэг байгаа учраас энд би гуниглаж суухаа хойш нь тавья. Ирэх жилийн намар илүү их баяр хөөртэйгөөр эргэн уулзалдах ерөөлийг дэвшүүлье.

Ай оюутны намраа гэж... 
Д.Аздэлгэр