Хуучин блог дээр тавигдсан 2010 оны 5 сарын 31-ны нийтлэл


Сайн байцгаана уу? ангийн хайрт найзууд минь! Юуны өмнө та нартаа энэ өдрийн мэндийг хүргэе! Бид нэгдүгээр курст ороод бие биетэйгээ  анх танилцаж байсан үе саяхан мэт боловч цаг хугацаа ёстой л харавсан сум шиг хурдан өнгөрч бид хэдийнэ 4 жилийг  хамтдаа өнгөрөөжээ.

 Хэдхэн хоногийн дараа бид мөнгөн хонхныхоо баярыг тэмдэглэнэ. Харин түүний дараа... 
4 жил гэдэг бага хугацаа биш ээ. Энэ хооронд баяртай, гунигтай, азтай, одтой гээд янз бүрийн л үйл явдлууд РТВС-н сэтгүүлчийн 1Б, 2Б, 3Б, 4Б гэсэн бяцхан "айл"-д  тохиолдсоор л байсан. Гэхдээ тухайн үед сайн, муу ямар ч зүйл болсон байлаа тэр бүх зүйлүүд бидний хувьд оюутан нас гэдэг сайхан үед хамаатай, нандигнаж явах дурсамж болно гэдэгт итгэлтэй байна.  /Мэдээж муугаасаа сайн зүйл нь нь илүү байсан/ Бид одоохондоо бараг өдөр бүр уулзалдаж байгаа ч, зав зайгүй ажиллах тэр үед ангийхантайгаа уулзана гэдэг магадгүй удаан хугацаанд боломжгүй зүйл болчихсон байх вий. Тийм учраас бүгдээрээ хамтдаа байх цаг мөч бүрийг хайрлах ёстой юм шүү. 4 жил ямар хурдан өнгөрсөн билээ. Үүний хажууд бидний баярын 3 хоног  гэдэг нүд ирмэхийн төдийд л яваад өгнө.
-Хамт сурч байсан оюутнууд маань төгссөн хойноо  хаа нэг тааралдахаараа салж хагацаж чаддаггүй юм билээ. н.Шийрэв багш
    Бид хэдий хол, тэр бүр уулзалдаж чадахгүй байлаа ч мэдээлэл, харилцаа холбоо, техник технологийн  дэвшлийн ид шидээр блог гэх сайхан "заал"-нд нэг нэгэнтэйгээ хүссэн үедээ ярилцах, сонин сайхнаа хуваалцах өөрөөр хэлбэл ичнээ уулзалдах бүрэн боломжтой болж байгаа юм. Тийм ч учраас ангийн хөвгүүдийн 50% болох Ганбаа миний бие энэхүү блогийг нээж байна. Блог руу нэвтрэх нэр, нууц үгийг жичтэй бүгдэнд нь тараанаа. Энэ нь манай ангийн хэн ч болов блог дээрээ хүссэнээ нийтлээд байж болно гэсэн үг юм. Миний хувьд ангийнхнаасаа сална гэдэг жоохон хэцүү байгаа болохоор аль болох уулзах, ярилцах боломжийг эрж хайсаар блог гэх зүйлийг сонгосон юм. Ямартай ч бидний энэ орон зай үнэ цэнээ алдахгүй, он удаан жил 4Б ангийнхны баяр хөөр, сонин сайхнаар баяжигдана гэдэгт итгэлтэй байна. /Мэдээж gogo.mn дампуурчихгүй бол шүү дээ хэ хэ/ За ингээд интернэт гэх зах хязгааргүй зүйлд сэтгүүлчийн 4Б-н ангийн орон зай өнөөдөр /2010.05. 31-ний 22.53 минут/ шинээр үүсч бий боллоо. Та нарын байнгын хэрэглээ болох ёстой шүү. Бүгдэнд нь амжилт хүсье! Хайртай шүү...